ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ШҮҮГДЭГЧИД ЯЛ ОНОГДУУЛАВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 146/ШЦТ2025/00032 дугаартай шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм: №1, 2025.05.01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Т.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр … аймгийн … сумын 1 дүгээр багийн нутаг … гэх газарт иргэн М.Б-ыг малын бэлчээрт хонио хариулаад явж байх үед 1 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч Т.Н нь хохирогч М.Б-ын 1 тооны хонийг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж тэр даруйдаа хохирогчоос зугтаасан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Т.Н-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Дээрэмдэх” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр Дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч,  гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Т.Н-ын бусдын эд хөрөнгийг буцааж өгөх санаа зорилгогүйгээр илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж  “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Т.Н нь хохирогч М.Б-ын эзэмшлийн малаас 1 тооны хонийг авч явахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авч эзэмшигчээс эд хөрөнгийг авч байгаа  өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтэйгээр бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Н-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс шүүгдэгч Т.Н-д хорих ялыг оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: 

Хураангуйг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn